Дурсгалын зоосыг алт, мөнгө, цагаан алт зэргээс гадна зэс, никель, гууль зэрэг өнгөт төмөрлөгөөр хийдэг.

Дурсгалын зоос

  Монгол улсын шинэ үеийн дурсгалын зоос хагас зуу орчим жилийн түүхэн уламжлалтай. Хүн төрөлхтний болон өөрийн орны түүхэн тэмдэглэлт ой, түүхт хүмүүс, соёлын өв, онцлог үйл явдал, соёл урлаг, спортын амжилтад зориулан Монголбанк олон төрлийн дурсгалын зоос гаргажээ. Дурсгалын зоосыг алт, мөнгө, цагаан алт зэргээс гадна зэс, никель, гууль зэрэг өнгөт төмөрлөгөөр хийсэн байна. Дурсгалын зоос нь тухайн үйл явдалд зориулсан зураг чимэглэл, тусгай бичвэртэй байдгаараа бусад зоосноос ялгаатай. Монгол улсын банк 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан, нэг төгрөгийн нэрлэсэн үнэтэй алт, мөнгө, гууль, никель дурсгалын зоосыг анх гаргасан байна. Улс орон бүр түүхэн онцлог үйл явдалд зориулж зоос гаргадаг бөгөөд Монгол улс ч энэ жишгээр явж иржээ. Түүхэн тэмдэглэлт үйл явдалд зориулсан, өвөрмөц загвартай, цөөн тоотой үнэт зоос эрэлт ихтэй байдаг.


Дууссан

Франчайз зоос

  Монголбанк нь Олон Улсад өндөр чанартай, нэр хүнд бүхий зоос үйлдвэрлэгч байгууллагуудтай хамтран ажилладаг. Монголбанкны билгэ тэмдэг бүхий дурсгалын зоос үйлдвэрлүүлэх эрхийг олгож сүүлийн үеийн техник технологийн хөгжил дэвшил, урлан бүтээгчдийн чадвартай уялдан, манай дурсгалын зоосны загвар, үзэмж нь жилээс жилд улам сайжирч, ур хийцийн хувьд дэлхийн түвшний хэмжээнд гардаг боллоо. Тухайлбал: 2007 оны ”Нохой зээх“ зоос 2009 онд ХБНГУ-ын Берлин хотод болсон дэлхийн үзэсгэлэнгээс “Оны шилдэг зоос”, 2012 оны “Уралын шар шувуу” зоос мөн онд ОХУ-ын Москва хотод болсон олон улсын дурсгалын зоосны уралдаанаас “Оны шилдэг зоос”, 2013 онд ХБНГУ-ын Берлин хотод болсон дэлхийн үзэсгэлэнгээс “Хамгийн алдартай зоос” шагнал тус тус хүртсэн байна.


Дууссан